ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, “Степпкулер ХХК”-ны гүйцэтгэх захирал П.Цагааны санаачлагаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус эмнэлэгт түргэн тусламжийн автомашин 6 байх ёстой ч одоогийн байдлаар 3 авто машин байгаа нь 4 ээлжээр 24 цагийн турш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт зүрх, мэдрэл, харвалт, шигдээсийн тусламжийг үзүүлэхэд хүндрэлтэй байгаа. Түргэн тусламжийн автомашины хангалт, хүрэлцээгүй байгаа энэ цаг үед Япон улсад үйлдвэрлэсэн “Toyota Hiаce” маркийн амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппарат суурилуулсан иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин хандивлаж байгаа нь олон хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй газар дээр нь үзүүлэх, иргэдийн амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломжийг бүрдүүлж өгсөн маш том дэмжлэг боллоо. 

П.Цагаан хэлэхдээ “Би энэ эмнэлэгтэй зовлон, жаргалтай олон зүйлээр холбогдож байсан. Эдийн засгийн байдал хязгаарлагдмал энэ үед хүн ардад нэн чухал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэгт түргэн тусламжийн автомашин дутагдалтай гэдгийг сонссон. Тиймээс нийгмийн хариуцлагыг эрхэмлэх хүрээндээ энэ автомашиныг хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна” гэлээ. 
Эмнэлгийн тусламж үйлчилгээг дэмжин, иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн, шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан П.Цагаан захиралтай “Степпкулер ХХК”-ны хамт олонд Эмнэлгийн захиргаа, хамт олноос талархал илэрхийлж байна.